logo-logo-
logo-
logo-logo-

​ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХТӨР: ЭНЭХҮҮ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНУ-ЫН ҮАБ-ЫГ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРГИЙН НИЙТ 35 АГЕНТЛАГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭДЭГ НЭГДСЭН ТОГТОЛЦООТОЙ БАЙГУУЛЛАГА ЮМ

Огноо: 2026-03-19, Нийтэлсэн:

​ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХТӨР: ЭНЭХҮҮ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНУ-ЫН ҮАБ-ЫГ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРГИЙН НИЙТ 35 АГЕНТЛАГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭДЭГ НЭГДСЭН ТОГТОЛЦООТОЙ БАЙГУУЛЛАГА ЮМ

​ЦАГДААГИЙН АХМАД Д.ЭНХТӨР: ЭНЭХҮҮ СУРГАЛТЫН ТӨВ НЬ АНУ-ЫН ҮАБ-ЫГ ХАМГААЛАХ ЧИГ ҮҮРГИЙН НИЙТ 35 АГЕНТЛАГИЙН АЛБА ХААГЧДЫГ БЭЛТГЭДЭГ НЭГДСЭН ТОГТОЛЦООТОЙ БАЙГУУЛЛАГА ЮМ

Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Гэмт явдал, цагдаа, дотоодын цэрэг судлалын төвийн эрхлэгч, доктор, цагдаагийн ахмад Д.Энхтөр 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Холбооны хууль сахиулах байгууллагын сургалтын төвд “Хууль сахиулах байгууллагын мөрдөгчдийг мэргэшүүлэх: Ахисан түвшний ярилцлага хийх арга зүй” сэдэвт сургалтад хамрагдав. Сургалтын талаар цагдаагийн ахмад Д.Энхтөрөөс тодрууллаа. -Таны амрыг эрье. Энэ сургалтыг зохион байгуулсан сургалтын төвийн талаар яриагаа эхэлье. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү сургалт болсон газар маань Америкийн Нэгдсэн Улсын Жоржиа мужийн Брунсвик хот дахь Глинко тэнгисийн цэргийн станцын байгууламжид түшиглэн байгуулагдсан, Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргийн нийт 35 агентлагийн 90 гаруй байгууллагын алба хаагчдыг бэлтгэдэг нэгдсэн тогтолцоотой сургалтын байгууллага байсан. Уг сургалтын төв нь Глинкод байрлах төв байр, сургалтын байр, зохиомол хот болон дотуур байр, мөн Артезиа, Чарлестон, Челтенхэмд байрлах салбараас бүрддэг хотхон хэлбэрээр хөгжсөн, сургалтын цогцолбор байсан. Энэхүү сургалтын төв нь 1970 оны 07 дугаар сарын 01-ний өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд үүнээс өмнө Холбооны хууль сахиулах байгууллагын ажилтан, алба хаагчдыг бэлтгэдэг сургалтын нэгдсэн төв үгүй байсан юм билээ. Нэгдсэн удирдлагатай стандартчилсан сургалт гэсэн ойлголт үгүй байсан бөгөөд харьяа агентлаг бүр бие даан алба хаагчдын албаны, давтан, мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулдаг байсан нь нийт алба хаагчдад хүрэлцээ муутай, ажлын давхардлыг үүсгэж байсан тул сургалтын бааз, стандартчилсан сургалтын агуулгыг системтэйгээр бүрдүүлэх, мэргэжлийн багш нарыг оролцуулсан, өндөр чанар, үр дүнтэй, зардал багатай сургалтыг зайлшгүй явуулах хэрэгцээ, шаардлагад үндэслэн энэхүү сургалтын төвийг байгуулсан гэж сонссон. -Та өөрийн хамрагдсан сургалтын хөтөлбөрийн талаар ярина уу? -Уг сургалтын төв нь Америкийн Нэгдсэн Улсын Холбооны хууль сахиулах байгууллагын алба хаагчдыг давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр урт болон богино хугацааны маш олон төрлийн сургалтыг зохион явуулдаг юм билээ. Миний хамрагдсан сургалт нь “Хууль сахиулах байгууллагын мөрдөгчдийг мэргэшүүлэх: Ахисан түвшний ярилцлага хийх арга зүй” сэдэвтэй сургалт байсан. Тухайн сургалтад Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагууд болон Дани улсын цагдаагийн байгууллагын нийт 20 гаруй алба хаагч оролцсон. -Тухайн сургалтын хүрээнд ямар мэдлэгийг олж авсан талаар та бидэнд мэдээлэл өгнө үү? -Энэхүү сургалт нь 5 өдрийн турш зохион байгуулагдсан. Сургалт нь ярилцлага хийх давуу тал болон сул тал, харилцан ойлголцолд хүрэх стратеги, мөрдөн шалгах ажиллагааны явцад танин мэдэхүйн ахисан түвшний ярилцлага хийх тактик, Роберт Чалдинигийн ятгах зарчмууд болон арга, техникүүдийг мэдүүлэг авах ажиллагаанд ашиглах тактик, мэдүүлэг авах ажиллагааны онол, арга зүй, ярилцлага хийх, мэдүүлэг авах ажиллагаанд тохиолдох зан үйлийн суурь үзүүлэлтүүд, хууль сахиулах байгууллагад шинээр гарч ирж буй чиг хандлага, мэдүүлэг өгч буй хүний сэтгэл зүй, зан байдал зэрэг сэдвүүдээр зохион байгуулагдсан. -Та уг сургалтын онцлог, шинэлэг зүйлсийн талаар ярина уу? Америкийн Нэгдсэн Улсын Холбооны хууль сахиулах байгууллагын сургалтын төвөөс сургалтыг ямар арга, хэлбэрээр зохион байгуулсан бэ? -Сургалтын явцад ахисан түвшний ярилцлага хийх арга, мэдүүлэг авах ажиллагааны тактикийн чиглэлээр олгосон онолын мэдлэгийг тайлбарлах зорилгоор шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн сэжигтнүүдтэй хийсэн ярилцлагын видео бичлэгийг тухай бүр үзүүлж байсан. Мөн сургалтаар олж авсан онол болон практикийн мэдлэгийг бататгах зорилгоор суралцагч бүрд өөр, өөр хэргийн бодит кейсийг өгч, тухайн хэргийн хохирогч гэрч, сэжигтнүүдтэй ярилцлага хийлгэсэн. Энэхүү сургалтын төв нь сургалтад ашиглахаар зориулагдсан маш том зохиомол хотыг бүтээн байгуулсан бөгөөд бид хохирогч, гэрч, сэжигтнүүдтэй өөр өөр байршилд уулзаж ярилцсан. Миний хувьд “Хуурамч мөнгөн тэмдэгт бэлтгэсэн, ашигласан” хэргийн кейс дээр ажиллаж, хохирогчийг цагдаагийн байгууллагын албан өрөөнд, гэрчийг ресторанд, сэжигтэнтэй тухайн хүний ажилладаг оффист тус тус ярилцлага хийж, хэргийг нотлох ажиллагааг явуулсан. Мөн бусад суралцагчид маань тусгайлан тохижуулсан хорих байгууллагын мэдүүлэг авах өрөө, гудамж, эмнэлэг зэрэг газруудад ярилцлагаа явуулсан. Ярилцлага өгч буй эдгээр хохирогч, гэрч, сэжигтнүүд нь мэргэжлийн жүжигчид бөгөөд тус сургалтын төв нь жүжигчидтэй цагийн ажлын гэрээ байгуулж, кейсийн өгөгдлийг өгч, тоглолтыг зохион байгуулдаг юм билээ. Энэ нь мэдүүлэг авах ажиллагааны практик сургалтыг сонирхолтой, илүү бодитойгоор явуулж, сургалтаар олж авсан онолын мэдлэгийг бататгахад чухал ач холбогдолтой байсан гэж үзэж байна. Үүний зэрэгцээ, тухайн сургалтын төвөөс галын бэлтгэлийн хичээлийг нэг өдөр явуулсан. Энэ хичээлийн үеэр зэвсэглэсэн гэмт этгээдийг аюулгүй болгох, баривчлах ажиллагааны явцад цагдаагийн алба хаагчийн гүйцэтгэх үүргийн талаар ерөнхий мэдлэгийг олгож, тухайн мэдлэгийг бататгах зорилгоор тусгайлсан өрөөнд бодит хэргийн дуудлагын үеийн бичлэгийг тавьж, лазер буугаар бичлэг дээрх зэвсэглэсэн этгээдэд шаардлага тавьж, гал нээх практик хичээл орсон. -Сургалтын төвийн талаар болон сургалтын талаар танд өөр өгөх мэдээлэл байна уу? -Миний бие Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаар дамжуулан 2 удаагийн англи хэлний шалгалт өгч тэнцэн, энэхүү сургалтад хамрагдсан. Уг сургалтын төв нь жил бүр Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамаар дамжуулан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг гадаад улсын хууль сахиулах байгууллага, сургалтын байгууллагуудад хүргүүлдэг учир Их сургуулийн маань багш, алба хаагчид тухайн төлөвлөгөөний дагуу зарлагдсан сургалтаас сонголтоо хийж, бүртгүүлэн тухайн сургалтуудад чөлөөтэй хамрагдах боломжтой юм. -Баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд амжилт хүсье.

2026-03-19 өдөр