“Эрдмийн далай” сонин “Доктор ярьж байна” буландаа Дотоод хэргийн их сургуулийн өдрийн докторын хөтөлбөрийн анхны элсэгчдийн нэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Ганхүлэгийг урьж ярилцлаа. -Шинжлэн магадлахуйн докторын зэрэг амжилттай хамгаалсанд тань баяр хүргэе. -Баярлалаа, юуны өмнө докторын зэрэг хамгаалахад минь цаг үргэлж чиглүүлж, зөвлөж, дэмжиж байсан эрдэм шинжилгээний ажлын удирдагч, хууль зүйн доктор (Ph.D), профессор Т.Очирбат багшдаа болон албан ёсны шүүмжлэгч хууль зүйн доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ, академич Ж.Даваасамбуу багш нартаа тусгайлан талархал илэрхийлмээр байна. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газар болон Дотоод хэргийн их сургуулийг түшиглэсэн Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Шинжлэн магадлахуйн профессорын судалгааны баг, Дотоод хэргийн их сургуулийн эрдмийн хамт олон, Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэн, Шинжлэн магадлахуйн институт, Эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлын албаны хамт олон болон бусад тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ маш их талархаж байгаагаа энэ дашрамд илэрхийлмээр байна. Түүнчлэн докторантурын сургалтад элсэн орохоос эхлээд докторын зэрэг хамгаалах хүртэл хугацаанд надад тусалж байсан эрдэмтэн багш нар, гэр бүл, ажлын хамт олон, найз нөхөд гээд олон хүний дэмжлэгээр амжилттай хамгаалсан учраас эдгээр хүмүүст үргэлж талархаж явдгаа мөн хэлмээр байна. -Ярилцлагаа та яагаад энэ сэдвийг сонгож авсан, энэхүү сэдвийг сонгох хэрэгцээ шаардлага нь юу байсан энэ талаар эхэлье. -Шинжлэх ухаан, технологийн орчин үеийн ололт амжилтыг гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах, урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй ашиглах нь улс орон бүрийн шинжлэн магадлахуйн хөгжлийн түүхэнд цаг үргэлж байсаар ирсэн. Аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх үндсэн нөхцөл, хүчин зүйлийн нэг бол түүнийг шинжлэх ухаан, техникийн ололт амжилтад суурилсан арга, хэрэгсэл ашиглан илрүүлэх, нотлох явдал байдаг. Өөрөөр хэлбэл, мэдээллийг субьектив эх сурвалжаас авдаг уламжлалт хандлагыг материаллаг эх сурвалжаас авдаг хандлагатай оновчтой хослуулах нь үр дүнтэй бөгөөд үүнийг шийдвэрлэхэд шинжлэн магадлахуйн үүрэг оролцоо маш чухал байр суурийг эзэлдэг. Дэлхийн улс орнуудад хэргийн газарт мөртэй ажиллах, магадлах шинжилгээ хийхэд физикийн ухаанд суурилсан аргуудыг түлхүү ашигласаар ирсэн. Эдгээр аргуудын нэг нь хэт ягаан гэрэл буюу цахилгаан соронзон долгионд суурилсан арга юм. Шинжлэн магадлах ажиллагааны олон улсын сургалт, судалгааны жишгээс харахад таталцал, харилцан үйлчлэл, цахилгаан соронзон долгион, тэдгээрийг шинжлэн магадлах ажиллагаанд ашиглах боломжийг судлах, түүнийг хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэхэд анхаарал хандуулж байна. Мөн шинжлэх ухаан, техник, технологийн эрчимтэй хөгжилд тулгуурлан цахилгаан соронзон долгионыг ашиглах техникийн боломж эрс нэмэгдэж, улмаар түүнийг гэмт хэрэгтэй тэмцэхэд ашиглах шинэ арга, хэрэгсэл бий болсоор байгаа. Шинжлэн магадлахуйн эрдэмтэн судлаачид хэт ягаан, хэт улаан, рентген туяа зэрэг цахилгаан соронзон долгионыг гэмт хэрэгтэй тэмцэхэд, тодруулбал, мөр илрүүлэх, шинжлэхэд хэрэглэх боломжийг эрэлхийлсээр өнөөдрийг хүрсэн. Хэргийн газраас мөр илрүүлэх, ул мөр, эд мөрийн баримтыг шинжлэхэд хэт ягаан гэрлийн бүх долгионы урт үр дүнтэй байж чаддаггүй, тэр ч байтугай хэт ягаан гэрлийн тодорхой долгионы урт амьд организмд хор хөнөөлтэй буюу зарим ул мөр, эд мөрийн баримтын шинж чанар, бүтцийг эвдэх улмаар нотолгооны шинж чанарыг алдагдуулах эрсдэлтэй байдаг. Монгол Улсын шинжлэн магадлахуйн практик дахь хэт ягаан гэрлийн хэрэглээ, бусад хөгжингүй улсын хүрсэн түвшнээс илт хоцорсон гэхэд хилсдэхгүй. Энэ нь бидний урьдчилан тандах судалгаа, таамаглалаас харвал хэд хэдэн шалтгаантай байсан. Тухайлбал, хэт ягаан гэрлийн шинжлэх ухааны үндсийг танин мэдэх, улмаар түүнийг мөр илрүүлэх, шинжлэх ажиллагаанд үр дүнтэй хэрэглэх туршилт судалгаа хийх, зөвлөмж боловсруулах чиглэлээр тодорхой ажил хийгдээгүй, шинжээч бэлтгэх сургалтын хөтөлбөрт цахилгаан соронзон долгионы мөн чанар, түүнийг хэрэглэх чиглэлээр мэдлэг олгох сургалт байхгүй, хэргийн газрын үзлэг, шинжилгээнд хэрэглэх хэт ягаан гэрэлд суурилсан арга хэрэгсэл хангалтгүй, одоо байгаа нь стандарт, шаардлага хангаж буй эсэх нь эргэлзээтэй, хэт ягаан гэрлийн биологийн сөрөг үйлчлэл, мөрний шинж чанарт өөрчлөлт оруулж болзошгүй долгионы талаар мэдлэг хомс (байхгүй гэж хэлж болохоор) байсан. Мөн хэт ягаан гэрлийг шинжлэн магадлахуйн практикт ашиглах онолын ном, сурах бичиг ховор, нарийн утга агуулга бүхий мэргэжлийн үг хэллэг, нэр томьёо зүгшрээгүй, нэгдсэн ойлголтгүй буюу хэт ягаан гэрлийн физик үндсийг судлах, арга зүйн үндэс, түүнд суурилсан техник хэрэгслийг үр дүнтэй ашиглах талаар хийсэн судалгаа байхгүй, практик хэрэглээнд ашиглах зөвлөмж дутмаг байгаа өнөөгийн нөхцөл байдал нь энэхүү судалгааны ажлыг хийх хэрэгцээ шаардлагыг үүсгэж байсан. -Таны судалгааны ажлын үр дүн практик дээр хэрхэн нэвтрэх вэ? Энэхүү судалгааны ажлаасаа ямар үр дүн хүлээж байгаа вэ? -Судалгааны ажлын хүрээнд хэд хэдэн төрлийн долгионы урттай хэт ягаан гэрлээр 87 төрлийн 143 объектод, 4576 удаагийн ажиглалт хийсэн бөгөөд хэт ягаан гэрэлд суурилсан арга хэрэгслийг мөр илрүүлэх, шинжлэхэд бүтээлчээр, өргөн хүрээтэй ашиглах боломжтой байна. Үүний тулд хэт ягаан гэрлийг шинжлэн магадлахуйн практикт бүтээлчээр ашиглах судалгаа, туршилтын ажлыг өргөн хүрээтэй гүйцэтгэх, сургалт явуулах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Хэт ягаан гэрлээр мөр илрүүлэхэд объектын (мөрийн) төрөл, мөр үүссэн гадарга, цаг хугацаа, орчны хүчин зүйл, гэрлийн долгионы урт, эрчим нөлөөлдөг нийтлэг зүй тогтлыг илрүүлсэн. Мөн магадлах шинжилгээнд 365 нм долгионы урттай хэт ягаан гэрэл хэрэглэх нь үр дүнтэй болох нь туршилт-судалгааны явцад тогтоогдсон тул судалгааны үр дүнг сургалт, судалгааны эргэлтэд оруулах санал дэвшүүлсэн. Мөр илрүүлж, бэхжүүлэх ажиллагаанд хэт ягаан гэрэлд суурилсан арга хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд алба, нэгж, түүнчлэн шинжээч, мэргэжилтэн нэг бүрийг шаардлага хангасан хэт ягаан гэрлийн үүсгүүрээр хангах, шинжээч мэргэжлээр суралцагчдын хэргийн газарт мөртэй ажиллах арга зүй хичээлийн хөтөлбөрт тодорхой төрлийн мөртэй ажиллахад хэт ягаан гэрэл хэрэглэх чиглэлээр мэдлэг, дадлага олгох хичээлийн цагийг нэмэгдүүлэх, харин хэргийн газрын үзлэгт оролцох чиг үүрэг бүхий мэргэжилтнүүдэд албаны сургалт, арга зүйн зөвлөмж хэлбэрээр мэдлэг олгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй. Мөн магадлах шинжилгээнд хэт ягаан гэрэлд суурилсан арга хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд шинжээч мэргэжлээр суралцагч нарт цахилгаан соронзон долгионы талаар мэдлэг олгох цаг, сэдвийг холбогдох хичээлийн хөтөлбөрт тусгах, физикч мэргэжил эзэмшсэн хүнийг магадлах шинжилгээ хийх эрх олгох хөтөлбөрөөр сургаж бэлтгэх боломжтой гэж үзсэн. Түүнчлэн өнөөдөр практикт хэрэглэж байгаа хэт ягаан гэрлийн үүсгүүрүүдийн зарим нь хүний эрүүл мэндэд эрсдэлтэй, мөн мөр илрүүлэхэд тохиромжгүй (үр дүнтэй биш) учраас тэдгээр гэрлийн үүсгүүрүүдийг хэрэглээнээс хасах санал гаргасан. Мөн олон улсад ашиглагдаж буй хэт ягаан гэрэлд суурилсан, технологийн дэвшилд тулгуурлан бүтээсэн багаж хэрэгслийг үзлэг, шинжилгээний салбар төрөл, чиглэл бүрд, түүнчлэн мөрдөн шалгах бусад ажиллагаанд ч өргөнөөр ашиглах боломжтой байгаа. Эдгээр саналууд сургалтын үйл ажиллагаа, зохион байгуулалтын түвшинд биеллээ олох, практик түвшинд хэрэгжих бүрэн боломжтой юм. -Таны хувьд манай их сургуулийн залуухан докторуудын нэг. Та Их сургуулийг 2012 онд ахлах дэслэгч цолтой төгсөж байсан гэсэн. Энэ талаараа болон ажлын талаараа яривал, одоо мэргэжлээрээ ажиллаж байна уу? -Тийм ээ, би анх 2008 онд Цагдаагийн академид элсэн орж байсан. Тухайн онд элсэн суралцах боломжтой мэргэжлийн үндсэн анги буюу эмэгтэй сонсогч авч байсан анги нь шинжээчийн анги болох Цагдаагийн сургуулийн Шүүх шинжилгээний тэнхим болон шийдвэр гүйцэтгэлийн анги буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль тус тус байсан. Энэ үед өөрийн сонирхлын дагуу шинжээч мэргэжлийг сонгон элсэлтийн шалгалтуудаа өгч, 5 эмэгтэй элсэгч авахад нь тэнцэж байлаа. Биднийг төгсөх жил Цагдаагийн академитай, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгэн Дотоод хэргийн их сургууль болгож өргөтгөн зохион байгуулсан үед буюу 2012 онд цагдаагийн ахлах дэслэгч цолтой төгсөж байсан. Мөн тухайн үеийн удирдлагаас их сургуульдаа үлдэж ажиллах боломж олгосноор ажил, амьдралын гараагаа төрөлх сургуулиасаа эхлүүлсэн түүхтэй. Ажлын гараа минь Дотоод хэргийн их сургуулийн Захиргаа удирдлагын газарт мэргэжилтнээр томилогдсоноор эхэлж байсан. Ингээд 2014 он хүртэл захиргааны чиглэлээр ажиллаж байгаад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах өөрийн хүсэл эрмэлзэл болон багш нарынхаа зөвлөсний дагуу Шүүх шинжилгээний байгууллагадаа шилжин шинжээчээрээ ажиллаж эхэлсэн. Энэ хугацаандаа хууль зүйн магистрын зэргээ мөн төрөлх сургуульдаа хамгаалсан. Улмаар 2020 онд сургуулийнхаа докторын хөтөлбөрт өдрийн хэлбэрээр суралцах боломж олдсон. Энэ нь тухайн үед их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хууль зүйн доктор (Ph.D), профессор Б.Бат-Эрдэнэ багшийн санаачлан хэрэгжүүлсэн шинэ хөтөлбөр бөгөөд анхны 7 элсэгч болох манай ангийнхны хувьд маш үнэ цэнтэй, чухал боломж байсан. Эрдэмтэн багшийн минь зорилго, хууль сахиулах салбарын боловсон хүчнийг бэлтгэх алсын хараа, залуу судлаачдыг дэмжих бодлого, тухайн цаг үеийн шийдвэрүүд нь намайг их сургуулийнхаа залуухан докторуудын нэг болох боломжийг олгосон гэж бодож, багшдаа үргэлж талархаж явдаг. Шинжлэн магадлахуйн докторын зэргээ хамгаалсныхаа дараа Шүүх шинжилгээний ерөнхий газартаа Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвд Эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна. -Эрдмийн зэрэг цол хамгаалах гэж бэлтгэж байгаа үе тэнгийнхэндээ таны өгөх зөвлөгөө гэвэл та юу хэлэх вэ? -Эрдмийн зэрэг хамгаалах зорилго тавин суралцаж байгаа хүмүүстээ хандаж хэлэхэд мэдэхгүй байгаа, чадахгүй зүйлээ бусдаас асууж, тусламж авахаас битгий татгалзаарай. Эргээд харахад судалгааны ажил хийж, түүнийхээ үр дүнг хамгаалахад олон хүний тусламж, дэмжлэгээр зорилгодоо хүрсэн байдаг. Мөн судалгааны ажилдаа өөрөөсөө үнэхээр хичээл зүтгэл гаргасан байхад хэзээд амжилтыг дагуулах болно. Тиймээс хамгаалах хүртлээ битгий шантраарай, судалгааны ажлаа битгий хойш тавиарай, зорилгодоо хүрээрэй л гэж хэлье. -Ярилцсанд баярлалаа. Таны эрдэм судлалын ажилд амжилт хүсье. “Сонсогч-Сурвалжлагч” клуб