logo-logo-
logo-
logo-logo-

​“ЕРЭН ЖИЛИЙН ЕГӨӨТЭЙ ДУГАРАА” БҮТЭЭЛ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО

Огноо: 2026-03-19, Нийтэлсэн:

​“ЕРЭН ЖИЛИЙН ЕГӨӨТЭЙ ДУГАРАА” БҮТЭЭЛ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО

​“ЕРЭН ЖИЛИЙН ЕГӨӨТЭЙ ДУГАРАА” БҮТЭЭЛ НИЙТИЙН ХҮРТЭЭЛ БОЛЛОО

“Эрдмийн далай” сонины энэ удаагийн дугаарт Их сургуулийнхаа түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх торгон агшинд бидний гар дээр ирж, гэгээн мэлмийг минь баясган, цагаан инээд бэлэглэх “Ерэн жилийн егөөтэй дугараа” номын нөхөрсөг элэглэл, хошин бүтээлийг эмхэтгэх ажлын хэсэгт ажилласан, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч, дэд хурандаа Б.Мөнхбатыг урьж ярилцлаа. -Таны энэ өдрийн амрыг эрье? “Ерэн жилийн егөөтэй дугараа” номыг бүтээх ажлын хэсгийн бүрэлдэхүүний талаар яриагаа эхэлье? -Их сургуулийн захирлын 2024 оны А/31 дүгээр тушаалаар батлагдсан ажлын хэсэг Их сургуулийн түүчээлэн туулсан түүхт 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийгдэж буй томоохон бүтээлийн нэг “Ерэн жилийн егөөтэй дугараа” нөхөрсөг элэглэл, хошин шогийн номыг эрхлэн гаргах үүрэг хүлээж, манай ажлын хэсгийн даргаар Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор, бригадын генерал Ч.Сайнтөр, нарийн бичгийн даргаар Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан-багш, ахмад Д.Гэрэлтуяа, гишүүдээр тус хүрээлэнгийн Хилийн аюулгүй байдал судлалын төвийн Эрдэм шинжилгээний ажилтан-багш, доктор (Ph.D), профессор, хурандаа Ц.Ганболд, Сургалтын бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Б.Алтанзул, Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн Нийгмийн ухааны тэнхимийн багш, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Өнөболд, Захиргааны удирдлагын газрын Олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, сэтгүүлч, дэслэгч Д.Дайрийжав, Санхүү төлөвлөлтийн хэлтсийн нягтлан бодогч, ахлах дэслэгч Х.Мөнхжаргал нар болон миний бие томилогдон ажиллалаа. Шог зургийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач А.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Н.Оргил, Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зураач М.Амархүү, чөлөөт уран бүтээлч У.Дэмчигсүрэн нар бүтээж, хавтасны дизайныг Хангалт үйлчилгээний газрын Хэвлэлийн албаны эх бэлтгэгч, дизайнер, дэд ахлагч Б.Тулга, номыг “Мөнхийн үсэг” хэвлэлийн газрын эх бэлтгэгч, дизайнер Б.Марал-Эрдэнэ хэвлэлд бэлтгэлээ. Манай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Их сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд дор бүрнээ чармайн ажиллаж, төрөлх сургуулийнхаа түүхт ойд уригдах хүндэт зочдын алгыг тэнийлгэн, мэлмийг баясгах нэгэн бүтээлийг баринтаглан авч, нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо. -Олон хүний хүч, хөдөлмөр шингэсэн бүтээл болжээ. Номын агуулгын талаар товч дурдана уу? Тухайн номд нийт хэдэн төрлийн хэчнээн тооны бүтээл багтсан бэ? -Энэхүү бүтээл нь “Шүлэг яруу найраг, дуу хөгжим”, “Шог зураг, нөхөрсөг элэглэл”, “Эзэнтэй онигоо, болсон явдал”, “Аян замын тэмдэглэл”, Дэлхийн суутнуудаас илгээсэн сургамж” зэрэг 5 бүлгээс бүрдсэн. Үүнд дуу, шүлэг 35, нөхөрсөг элэглэл 115, онигоо 49, аян замын тэмдэглэл 9, сургамж 68 гээд 276 бүтээлийг багтаасан ба бүлэг бүр нь өөрийн гэсэн утга санаа, үйл явдал, уран сэтгэмжийг агуулж буйгаараа онцлог болсон. Тухайлбал номын нэгдүгээр бүлэгт үе үеийн эрдэмтэн багш нарын Их сургуулийнхаа тухай бүтээж туурвисан шүлэг, дууг он дараалал, зохиогчийн овог, нэртэй нь нийтэлсэн бол хоёрдугаар бүлэгт Их сургуулийн захирлаас үйлчилгээний ажилтан хүртэлх албан тушаалтнуудын шог зургийг байрлуулж, тэдгээрийн нутаг ус, ажил байдлыг нь яруу найргаар элэглэн бичсэн нь их сонирхолтой болсон. Харин гуравдугаар бүлэгт нэгэн аравны туршид багш, албан хаагчид, сонсогч суралцагчдын дундаас бий болсон эзэнтэй онигоонуудыг багтааж, дөрөвдүгээр бүлэгт зарим эрдэмтэн багш нарын хөдөө орон нутагт томилолтоор ажиллах үед тохиолдсон сонин, содон үйл явдлуудыг тусгасан аян замын тэмдэглэл төгсгөлийн буюу тавдугаар бүлэгт дэлхийн суутнуудын бичсэн сургамжийг Их сургуулийн удирдлага болон зарим бүтцийн нэгж, бүрэлдэхүүн сургуулиудад хаяглан хүргэснээрээ сонирхолтой боллоо. -Ийм төрөл, жанрын бүтээл урьд өмнө нь гарч байсан уу? Тухайн номын бүлгүүдэд орсон зарим бичвэрүүдээс товч дурдаач? -Их сургуулийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд үе үеийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, оюутан суралцагчдад тохиолдсон хөгжилтэй явдал, явган онигоо, албан хаагчдынхаа байгалиас заяасан өгөгдөл, зан байдал, хэв шинжийг хошин байдлаар дүрсэлсэн шог зураг, нөхөрсөг элэглэл бүхий бүтээлийг туурвиж, ахмад зүтгэлтнүүд, эрдмийн хамт олондоо бэлэг болгон барьдаг байсан уламжлалтай юм билээ. Үүний нэгэн жишээ бол нэгэн аравны тэртээх ХСИС-ийн түүхт 80 жилийн ойгоор эрхлэн гаргасан “Наян жилийн наргианы дугараа” хошин шогийн бүтээл бөгөөд тэрхүү бүтээлийг Цэргийн ухааны доктор (Ph.D), профессор, хурандаа Ц.Ганболд эрхлэн гаргаж, нийтийн хүртээл болгосон бол ДХИС-ийн түүхт 90 жилийн ойд зориулсан “Ерэн жилийн егөөтэй дугараа” хэмээх энэ номыг туурвихад төрөлх сургуулийнхаа түүхээр арвижсан далай их урын сангаа уудалж, арга туршлагаасаа хуваалцан, сэтгэл таталгүй, ханцуй шамлан хамтран зүтгэсэн багшдаа гүн талархал илэрхийлье. Түүгээр ч барахгүй төрөлх сургуулийнхаа дараагийн тэгш ойд өргөн барих ийм төрлийн бүтээлийг “Зуун жилийн зугаатай дугараа” хэмээн нэрлэхээр урьдчилан тодорхойлсон нь сайн эрдэмтэн “Уулын цаадхыг харж, усны гүн дэхийг сонсдог” болохыг нотолж буй явдал юм хэмээн бодож, буурал багшаараа бахархаж сууна. Номын хоёрдугаар бүлэг дэх зуу гаран хүний хошин элэглэлийг бичихэд миний бие Их сургуулийнхаа багш, алба хаагчдын ихэнхийг нь сайн танихгүй тул тэдний талаар Ц.Ганболд багшаасаа мэдээлэл авах, зарим албан тушаалтнуудтай биечлэн уулзаж, өөрөөс нь өөрийг нь асуух замаар тэмдэглэл хөтлөн, түүнийгээ яруу найргийн хэлбэрт хөрвүүлэн бичих аргыг түлхүү ашигласан. Хэдийгээр бие биеэ сайн танихгүй ч гэсэн нэгэн дээвэр доор 2 жил гаран хамт сууж, номын садан болцгоосон эрдмийн хамт олноо элэглэхдээ нийгмийн гарал, албан тушаалын байдал, хөрөнгө чинээ, атаа жөтөө, илт доромжилсон үг хэллэг ашиглахаас эрс татгалзаж, тэднийхээ сайн талыг илүү мэдэрч бичихийг хичээснээ тэмдэглэн хэлье. Жишээ нь: Суралцагчийн хөгжлийн төвийн эрхлэгч, цагдаагийн ахмад Ч.Энхбаатарыг.. Хараа, бараа нь арслантай авдар Хав дөрвөлжин аралтай тэрэг Хажуу талаасаа арагтай аргал Хананд өлгөсөн айрагтай хөхүүр.. хэмээн биеийн хэмжээг нь эд зүйлтэй харьцуулсан байдлаар шоглон бичсэн нь эндээс харагдаж байна. Энэ мэтээр эрхэм хүмүүсээ албан тушаал, цол хэргэмээр нь ялгаварлалгүйгээр тухайн хүний зан араншин, биеийн хэлбэрийг нутаг ус, сурсан сургууль, эрхэлсэн ажилтай нь хослуулан нөхөрсгөөр элэглэсэн нь хэн бүхний сэтгэл зүрхэнд дотно мэдрэмжийг төрүүлэх байх гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн номыг бид 5 бүлэгтэй бүтээсэн нь хошигнохоос илүүтэй бусдын явсан газрын сонин хачныг дуулгах, эртний суут хүмүүс юутай үнэн үгийг бидэн хаяглан үлдээснийг уншуулах үндсэн зорилгыг агуулсан бөгөөд эдгээр нь бид бүхний ажил, амьдралд эерэг үр дагаврыг бий болгох хөшүүрэг болоосой гэсний үндсэн дээр ингэж хийсэн гэж хэлж болно. Сайн анзаарах юм бол номын нэр, хавтасны болон дотор зургууд, бүлгүүдийн дараалал гэх мэт алив бүхэн өөрийн гэсэн утга санааг илэрхийлсэн зохиомжтой бөгөөд үүнийг нарийн анзаарч, тайлж ойлгох боломжийг уншигч олон та бүхэндээ үлдээлээ. -Таны хувьд Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой тохиож буй энэ цаг үед докторын хөтөлбөрт хамрагдан суралцаж байгаа. Энэ хугацаандаа ном бүтээх ажилд цаг заваа зориулсанд эрдмийн хамт олныхоо өмнөөс болон “Эрдмийн далай” сониныхоо уншигчдын өмнөөс талархал илэрхийлье. -Баярлалаа. Эрдмийн хамт олноо нөхөрсгөөр элэглэн, түүхэнд үлдээх өндөр хариуцлага хүлээсэндээ туйлын баяртай байна. Энэ завшааныг би тэр болгон хүнд тохиохгүй их хувь тавилан хэмээн үзэж, битүүхэндээ бэлгэшээж сууна. Буурал багш (Ц.Ганболд)-ийн минь буян заяа түшсэн юм байлгүй. Ном бүтээх ажлын хэсэгт орж ажилласнаар олон хүнтэй танилцах бас олон хүнд өөрийгөө таниулах аз тохиож, дахин ийм төрлийн бүтээлийг бие даан туурвих арвин туршлага, ур чадварыг эзэмшиж чадлаа гэж үзэж байна. Өөрийн судалгааны ажлаа хэсэг хугацаанд түр хойш тавин, бүх анхаарлаа энэ ажилд төвлөрүүлснээ боломж гэж харж байгаа. Сайхан зүйл хийх нь сайн зүйлийг дагуулж байдаг тул тус номоос өөрийгөө ч бай өрөөлийг ч бай олж уншсан баясгалант мэлмий бүхэнд зохиогчийн дүр төрх мөнхөд үлдэнэ гэдэгт итгэж байна. Ингээд зааж зөвлөж, тусалж дэмжиж, дэргэд минь үргэлж хамт байсан доктор (Ph.D), профессор Ц.Ганболд багшдаа, ном бүтээхэд материаллаг баазаар хангаж, арын албанд ажилласан ажлын хэсгийн дарга, доктор (Ph.D), дэд профессор, бригадын генерал Ч.Сайнтөр болон гишүүддээ, бүтээл туурвих тайван орчныг бүрдүүлж өгсөн доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн дэд хурандаа С.Гантулгад, зочин хоймортоо хүндэтгэн урьж, сонирхолтой ярилцлага авсан “Эрдмийн далай сонин”-ы хамт олон та бүхэнд гүн талархал илэрхийлж, номын цагаан буян ашид мөнхөд ивээж байхыг ерөөе.

2026-03-19 өдөр