“Эрдмийн далай” сонин энэ дугаарынхаа “Сонсогчийн булан”-д Цагдаагийн сургуулийн 343 дугаар дамжааны түрүүч Ж.Баттогтохыг урьж ярилцлаа. Тэрбээр манай Их сургуулийн “Хөгжмийн салаа”-ны орлогч, “Авьяас” алтан медальт авьяаслаг сонсогч юм. -Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. -Намайг Жаргалсайханы Баттогтох гэдэг. Би 2001 онд Улаанбаатар хотод айлын ганц хүү болон мэндэлсэн. Одоо Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд цагдаагийн ажил-эрх зүйч мэргэжлээр суралцаж байна. -Цагдаа болох нь чиний багын мөрөөдөл байв уу? -Миний аав гал сөнөөгч хүн байсан. Ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, аюул гамшигт өртсөн хүмүүст халуун гараа сунгах эрхэм үүрэгтэй, энэ цагийн эгэл баатруудын нэг нь байлаа. Багадаа аавыгаа дагаад ажил дээр нь очдог байсан нь цэргийн хүн болох мөрөөдлийн минь эхлэл болсон. Тиймээс нийгмийг эрүүлжүүлэх, гэмт үйлдлийг таслан зогсоох, хохирогчдыг хамгаалах, иргэдэд туслах, эх орон, ард түмнийхээ амар амгалангийн манаанд зогсдог төрийн цагдаа болохоор шийдсэн. -Дотоод хэргийн их сургуульд суралцах хүсэлтэй маш олон хүүхэд бий. Тэднээс онцгойрон түүхт их сургуулийн өндөр босгыг нь давахад хэр хэцүү байв? -Би аль эрт цагдаа болохоор бат шийдчихсэн байсан тул мөрөөдөлд минь хүргэх цорын ганц гүүр болсон сургуульдаа хэрхэн элсэх талаар судлах болсон. Тэр үед буюу 2018 онд 10 дугаар ангидаа Дотоод хэргийн их сургуулийн харьяа Ахлах сургууль элсэлтээ авч байна гэхийг сонсоод шалгалт өгч тэнцсэн. Тэнцсэн тухай мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ хэлтэл маш их баярлаж байсан. Их сургууль гэлтгүй манай ахлах сургуульд элсэх нь ч шандас сорьсон ширүүн өрсөлдөөн байдаг. Өдөр бүр сонсогчидтой тааралдаж, нэг байшинд суралцаад эхэлсэн чинь мөрөөдөл төдий алсад байсан зүйл минь нүдэнд харагдаж, санаанд багтаад ирсэн. Мөрөөдлөө өдөр бүр хараад байхаар хүн маш их хичээдэг юм билээ. Ингээд Ахлах сургуулиа амжилттай төгсөж “Хүссэн болгон ордоггүй, Орсон болгон төгсдөггүй” гэх Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуульд элсэж, хүсэж мөрөөдсөн сонсогч мөрдсөө зүүсэн дээ. -Дотоод хэргийн их сургуулийн авьяаслаг сонсогчоор шалгарч, шагнал хүртсэн шүү дээ. Хэзээнээс хөгжим сонирхож, тоглож сурсан бэ? -Ээж минь “Хүнд сурсан юм илүүдэхгүй” гэж захидаг байсан. Нээрээ хүнд сурсан юм илүүддэггүй юм билээ. Сурагч байхдаа морин хуурын аялгуунд татагдаж, “Жонон” хамтлагийн Ц.Цэрэнбямба багшдаа шавь орж, хоёрхон чавхдсандаа хорвоогийн бүх аяыг багтаадаг морин хуураар хичээллэж эхэлсэн. Улмаар уралдаан тэмцээнд орж шагналт байруудад шалгарах болсон. Ахлах сургуульдаа болон Их сургуульд суралцах хугацаандаа морин хуураа тоглож тайзан дээр мөн ч олон гарсан даа. Хичээл зүтгэлийг минь үнэлж ДХИС-ийн “Авьяаслаг оюутан”, “Тэргүүний оюутан” шагналаар шагнасанд маш их баярлаж, урам авсан. -Хэзээнээс бөмбөр тоглож сурсан бэ. Сонсогчдын нэгдэлт дээр бөмбөр тоглож, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулахад чамд ямар санагддаг вэ? -Дотоод хэргийн их сургуулийнхаа “Хөгжмийн салаа”-д орсноор анх бөмбөр тоглож сурсан. Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулах бүрт огшиж, сайхан мэдрэмж төрдөг. Дөрвөн жил тууштай, уйгагүй зүтгэсэн хичээл зүтгэлийг минь үнэлж 2023 оны 12 дугаар сард хөгжмийн салааны орлогч түрүүч цолоор шагнасанд баяртай байна. Надад маш их урам зориг өгсөн. -Цаашдын зорилго чинь юу вэ? -Одоо би төгсөх дамжааны оюутан. Сонгосон мэргэжилдээ үнэнч, чадварлаг хүний нөөц байж тууштай чин үнэнч зүтгэхийг хүсдэг. Монголын цагдаагийн байгууллагын шинэхэн хүний нөөц болж сурсан, мэдсэн зүйлээ харуулах цаг мөч хүлээж байна даа. -Ярилцсанд баярлалаа. Чам шиг сонсогч болохоор мөрөөдөөд сууж байгаа дүү нартаа хандаж юу хэлэх вэ? -Хүнд зорилго, түүндээ хүрэх хүсэл тэмүүлэл, хичээл зүтгэл байгаа цагт үр дүн заавал гардаг. Болохгүй зүйл гэж байдаггүй. Харин чадахгүй зүйл гэж байдаг. Чадахгүй зүйлийг хүн сурч болдог шүү. Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө уйгагүй хичээгээрэй. Дэслэгч Д.Дайрийжав