“Эрдмийн далай” сонин Их сургуулийнхаа түүхт 90 жилийн ойн босгон дээр “Хүндэт доктор”, “Хүндэт профессор” цол хүртсэн эрхмүүдийн лекцийг цуврал болгон хүргэж байна. Энэ удаагийн дугаартаа доктор, професср, хурандаа Д.Цогт-Очирын “Ёс зүй” лекцийг хүргэж байна. Ёс зүйн ухаан нь нэн эрт Грек Ромийн эрдэмтэд үүсгэсэн түүхтэй. Харин Монголд манай эрдэмтэн мэргэд үүсгэн, ард түмний дунд бичигдээгүй хууль болон мөрдөгдөж хүмүүсийн ёс суртахууны харилцааг зохицуулж иржээ. Ёс зүй, ёс суртахууны асуудал нь хүн ёсны амин чухал цогц хэрэгцээ болж байна. Бид эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж байгаа нь хүн бүр хүмүүнлэг ёсыг эрхэмлэж байж л биелүүлнэ гэсэн хэргээ ёс зүй ёс суртахууны баримтлалтай журам зарчмын тухай их Эзэн богд Чингис хааныхаа сургасан арга билгийн сургаал болон манай өвгөд дээдэс эрдэмтэн мэргэдийн сургасан зүйлээс эш татаж ёс зүйн зарчим шаардлагатай холбон үзэх нь зүйтэй юм. Хаан хүний 35 эрдмийн дотроос түвшин сэтгэл нэн эрдэм. Түшмэл хүний 9 эрдмийн дотроос түвшин сэтгэл нэн эрдэм. Түвшин сэтгэлгүй болбоос хорт чоно мэт жигшигдэнэ. Төрийн хар хүн (удирдах хүн) бол номд мэргэн, нойронд сэргэг, дайнд баатар, далайд усч, үйлэнд уран, үгэнд цэцэн, дээдэст зусаргүй, дордост ихэмсэггүй, хуриманд цовоо, хуульд цэцэн байх ёстой. Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ үл олно. Гэрээ засаад төрөө зас Харийн газар нэрээ хичээ Халуун элгэндээ эвээ хичээ Хүнийг хүндэлж байж Хүндийг олно, хамаг бүхэн жаргахдаа эвийн хүчээр жаргана, үнэн зөөлөн хүн цомхон зөөлнөөр хүнийг жаргуулна өөдгүй муу хүн ширүүн хэдрээр бусдыг зовоодог гэдгийг хүн бүхэн мэдвэл зохистой. Мөн уур биеийг зовооно, уураар эхэлсэн хүн ичгүүрээр төгсдөг. Эрдмийг гүн гэж битгий цөхөр. Эндэгдлийг бага гэж бүү бод. Эр эс эндвэл эзэн хаан сууна гэх зэрэг сургаалыг бид мэднэ. Хэлж чадавч ганцхан амьдрал үйлстээ ухааран мөрдөх нь дутагдаж байдаг муу талтай. Чингис хааны арга билгийн сургаал нь Монголын төрт ёс, Монголын ард түмний ирээдүйн хөгжил замналын зам мөрийг заасан байдаг. Үүнд 1. Бусдын зовлонг биендээ эргэцүүлэх (өөрийгөө тэр хүн би байсан бол хэрхэх вэ гэж ухаарах) 2. Буруу тэрсүүлээр хэрхэвч үл явах 3. Бусад хүмүүсийг өргөн хүндэлж хичээнгүйлэх 4. Бодож шинжих бодлого ухааныг 5. Буцаж булгихыг үхэвч үл үйлдэх 6. Бузар архинд согтууран үл живэх 7. Бусдын эдэд үл шунах 8. Буруугаа эргэцүүлж ичиж эмээхийг мэдэх 9. Бусчирыг (муу үйл) засахад зориг үл шантрах эдгээр ёсыг нэгэн биедээ төлөвшүүлж чадваас сая ачлалтай гэнэ. Үүнийг мэргэд, баатар, түшмэл, төрөл ураг, албат иргэд бүгдээрээ үеийн үед сахиж явагтун. Эдгээр ёсыг нэгэн биедээ төлөвшүүлж чадваас сая зохилтой гэнэ. -Сэтгэл гэдэг бол биеийн эзэн бөгөөтэй сэтгэл мухарвал бие даруй хэвтэн хэврэг болно. Үндэс язгуураа бүү март гэж үр хүүхдэдээ сургаж бай. Тэд нарт гагцхүү өнгөт дээл өмсөөд амтат идээ идэн тарган агт унан тааламжтай гэргийг тэврэхийг мэдүүлж болохгүй бөгөөд төрийн үйлсийн шаргуу замыг мартуулж болохгүй. -Төрийн хуулийг аман дээрээ дагаж алс далд зөрчиж усанд унасан чулуу өвсөнд хаясан зэв мэт хөсөрдүүлэгч болбоос нийтийг захирч үл чадна. Шударга цэгц журамтай эрдэм гүн билиг хурц хүмүүсийг эрх биш сайшаан хүндэтгэх хэрэгтэй бөгөөд зусар харгис ба элбэрэл журамгүй этгээдийг занах хэрэгтэй. Хүндэтгэх сэтгэлээр хүнтэй харьцахад нөгөө хүнийхээ сэтгэлийг таатай болгох тул мэдээж тэр хүн ч ихээхэн баяр баясгалан оргилж ирдэг. Хүнд хандах өөриймсөг сэтгэл бол түмэн зүйлд амьдрах хүч хайрлах нарны гэрэл лугаа адил бөгөөд үг үгүй нөлөөлөх хүчийг агуулж байдаг. Бид хуурай цэцэрхэхгүйгээр бас ов мэх гаргахгүйгээр чин сэтгэлээсээ эелдэг найрсаг хандах төдийд л хавь орчиндоо талархал баяр хөөрийг хүртээж болно гэж сургажээ. Чингис Богдын эдгээр сургаал бол одоо бидний яриад байгаа ёс зүй, ёс суртахууны үндсэн асуудлыг илэрхийлсэн юм гэдгийг ухаарах нь чухал. Ёс зүй нь өөрийн категори, ухагдахуунтай. Тухайлбал сайн муу, эр зориг, эх оронч үзэл шударга ёс нинжин энэрэнгүй, хүмүүний ёс чанар, нэр төр, зөв харилцаа, мэндлэх хүндлэх ёс, итгэл үнэмшил мэдрэмж зэрэг болно. Эр зориг нь төвөгтэй ээдрээтэй үед өөрийгөө жолоодох чадвар. Биеэ даасан шийдэмгий ажиллагаа юм. Эр зориг нь саад бэрхшээлийг хөтлөн давах чадвар төдийгүй, биеэ барих өөрийгөө эзэмдэх зориг баатарлаг, үл эмээх сэтгэгч ухамсартай үйл ажиллагаа бөгөөд үнэхээрийн үнэ цэнэтэй зорилтыг баатарлаг зоригтой барьж шийдэхгүйгээр биелүүлж чадахгүй. Харин Шударга байх гэдэгт үг нь үнэн, үйлс явдал нь зөв, улс орон, иргэн хүний эрх ашгийг хохироох үзэгдэлтэй чин үнэнээр тэмцдэг. Шударга зан чанараа гээсэн хүнд сэтгэлийн амар байдал хэзээ ч ирдэггүй. Шударга үнэн ямагт ялдаг. Эх оронч үзэл юу юунаас илүү чухал. А.Н Толстой “Бид өсөж төрсөн эх орондоо хайртай байдаг. Яагаад гэвэл энэ бол манай эх орон юм. Ингэж сэтгэж мэдрэх чадалгүй хүн бол үхсэнтэй адил. Бид ямар учраас эх орноо энхрийлж хайрладаг вэ? гэвэл тэр бол манай аз жаргалант үр хүүхдийнхээ сайн сайхны тулд бидний гараар бичиж байгуулагдсан юм. Бид эх орондоо агаарт дүүлэн нисэх цэнхэр жигүүртэн адил. Нисэхэд минь хязгаар байхгүй учраас эх орноо хайрладаг юм” хэмээсэн.Одоо үед бид тусгаар тогтнол газар нутгаа бүрэн байлгая, хамгаалъя, эх байгалаа, эд баялгаа ухаан бодолтой ашиглая гэсэн зорилго тавьж байгаа нь эх оронч үзлийн гол илэрхийлэл юм. Нэр төр хүн бүхэнд хэрэгтэй. Хүн нэрээ, тогос өдөө, нэр хугарахаар, яс хугарах нь дээр. Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдар нэрийг ард олон өгдөг. Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй’’ гэж манай дээдэс айлдсаар иржээ. Нэр хүндгүй бол хэний ч амьдрал үйлс аз жаргал доголддог. Хүн гавьяаг зөвхөн дайнд байгуулдаггүй. Хэрэв хүн үлгэн салган амьдрахгүй иргэнийхээ өндөр учир утгаар үнэн төгс амьдарвал өдөр бүр ч гавъяа байгуулж болно гэж эрдэмтэн мэргэд сургажээ. Чингис хаан: Энэ бие хэврэг боловч эрхэм нэр мөнх шүү. Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй. Мунхаг хилэнцээс илүү муу дайсан байдаггүй гэсэн нь саруул ухаан бодол нэр хүндийг өргөнө. 10. Уурын мунхаг нэр төрийг гутаана. Хүн ямар ч үед нэрээ нандигнан хайрладаг байхын чухлыг сургасан хэрэг. Ямар ч үед хамт олонтойгоо нөхөрсөг харилцаа, эвсэг хамтач харилцан хүндэтгэх харилцааг бэхжүүлж нөхөртөө туслах туршлага дадлагаа хуваалцах, тэдгээрээс гаргаж буй шинэлэг ажил хэрэгч сэтгэлгээ саналуудыг сонсож, соргог ажиж дэмжин хөгжүүлж байх нь нэр хүндийг өргөнө. Нэр хүндэд харшлах доройтуулах зүйлүүд, уур омог, атаа жөтөө, бүдүүлэг овилгогүй, онгироо сагсуу чалчаа, бусдаас өө сэв эрсэн, ялгаж гадуурхсан, танил тал харсан, хүний мөсгүй хатуу сэтгэл гаргах, дээрэнгүй, биеэ тоож ихэрхсэн, нэрэлхүү, албан тушаал нэр алдар хөөцөлдөх, эрх мэдэлдээ эрдэн сүрдүүлэх заналхийлэх хуулиар түрий барьж дарамтлах, албан тушаал, эрх мэдэл, ажил мэргэжлээ урвуулан сайрхах хүмүүсийг дэгстүүлж хэлмэгдүүлэх нь ёс зүйгүй үйлдэл мөн. 11. Нэр төрийг гутаах, доромжлох, басамжлах, хувийн эрх ашиг сонирхлыг дээгүүр тавих хүмүүст итгэлгүй хандаж, итгэл найдварыг хөсөрдүүлэх зэрэг нь нэр хүндийг гутаадаг. Иймээс олон түмний үнэлэлт хандлагыг шинжин буурь суурьтай байж өөрийгөө бүрэн судалж чадсан байх нь чухал. Ингэвэл нэр хүндтэй байж жинхэнэ хүн болно. Хүмүүнлэг энэрэнгүй чанар гэдэг нь хүн хүнээ хайрлан хүндэтгэх ёс суртахууны гүнзгий хандлага хүний сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьж энэрэх ухагдахуун юм. Хүнийг гутранги байдалд оруулахгүй, өөдрөг сэтгэл төрүүлдэг байх ёстой. Чингис хаан буян гэдэг бол гацаагдсаныг гаргаж мохсоныг тэнхрүүлэн, ядууд туслан өвчнийг тэтгэх юм гэж сургасан байдаг. 12. Харилцааны соёл Нийгмийн амьдралд хүмүүс хоорондоо эв найртай хүндэтгэн харилцах хэвшсэн сайхан ёсыг харилцааны соёл гэнэ. Хүний зөв харилцаанаас ажил амьдралын амжилт ололтын зүйлд нөлөө үзүүлдэг. Харилцааны эв дүй сайн байх нь ямар ч үед харилцаанд гарсан зөрчлийг тогтоож зохицуулж чаддаг. Эв дүйтэй байгаа нь энэ гээд бөөрөнхийлэх, аялдан зулгүйдэх, зусарч наалинхай шүүмжлэлгүй байж болохгүй. Харин шүүмжлэлийн өнгө аяс нь нөхрөө хүндэтгэж, ухааруулах, туслах үнэн бодитой итгэл төрүүлэх нийлэмжтэй байх ба хор шарыг дуудсан, гоочилсон, тооцоо бодсон, доромжилж, басамжлан гомдоож хүйтэн цэвдэг байвал үзүүлэх нөлөө шууд болно. Эзэн Богд Чингис хаан: үгийг бүү сонжуул, бүү хатга, өтөл настныг бүү хилэгнүүл, их дуутыг бүү дэврүүл, үгтийг бүү өрвөлзүүл. Харилцааны соёлд зөв цэгцтэй үг яриа нь уран уяхан хүмүүсийн анхаарлыг өөртөө татан, урмыг сэргээсэн байх шаардлагатай. Үг хэдий үзүүр гэж үхтэл хатгадаг, хараалын үзүүрт ус, ерөөлийн үзүүрт тос гэдэг дээ. Дутагдал гаргасан хүнтэй ярихад хүрвэл эхлээд тэр хүний сайн талыг нь дурдаад эхлэхэд та ярианыхаа зорилгыг зөв сайн биелүүлэх нөхцөл бүрдэх жишээтэй шүү дээ. 13. Ажил эрхлэгч бусдыг ялгаварлаж үл болно. Шилдэг зан араншин бол хүний амьдралд олдошгүй дээд эрдэнэ юм гэж сургасан байдаг. Мэндчилгээ хүндэтгэх ёс Мэндчилгээ нь хүмүүсийн хоорондын харилцаанд чухал байр эзэлнэ. Манай ард түмэн Амархан сайн байна уу? Сонин сайхан юу байна гээд мэдээлэл сонсох, Муу юм чихэнд бүү дуулгаарай гэсэн агуулгатай мэндэлдэг заншилтай. Одоо зарим хүмүүс уулзаад мэндлэхийн оронд “юу байна” гээд элдэв тааруу зүйл сонсох гэх болжээ. Гар барьж мэндлэхэд ч бас нэлээд учир байдаг. Найрсаг халуун дотно уу? Дурсамжхан ёс төдий жишүү харсан байна уу? гэдгийн учир байж болно. Жишээлэхэд Цагдаагийн ажилтан хэргийн нэг сэжигтэн хүнтэй гар барьж нүүр өөд цочин харахад гар нь чичирч байсан гэдэг. 14. Биеэ авч явах соёлын тухайд бол хүн төв түвшин намба төрхтэй, ярих ярианы аялга, дууны өнгө хайш янз бус зөв хувцаслах, алхах, гишгэх, хүнтэй ярих гар хурууны хөдөлгөөн олны дунд ямар төрхтэй байх мэт анхаарах зүйл олон байдаг. Биеэ зөв авч явах асуудалд зөв зуршлыг сонгох заншихыг хичээх хэрэгтэй. Хүний мэдрэмж сэтгэл хөдлөл, бахархах, атаархах, айх, ичих, уурлах, өрөвдөх, уйтгарлах, гуйх үзэн ядах мэтээр илэрдэг. Хүний нүүр царай биеийн хөдөлгөөн үг ярианы өнгө аяс, хувиралт зэргээс уул хүний талаар ажиглалт хийж мэдрэмж төсөөлөл авдаг ялангуяа цагдаагийн ажилтны хувьд соргог мэдрэмжтэй байх нь ажлын үр дүнд сайн нөлөө үзүүлэх талтай. 15. Хүн итгэл үнэмшилгүй бол ямар ч үйл хэрэг бүтээмж муутай.Харин ирээдүйдээ итгэх мэдлэг хүчиндээ итгэсэн хүн амжилт үзүүлнэ. Жишээ нь Хуульчдын хувьд илрээгүй гэмт хэрэг гэж байдаггүй хэрэгтнүүд хэргийн газартаа заавал ул мөрөө үлдээдэг. Хэрэг мянган жил боловч хэвээрээ байж илэрдэг гэсэн итгэл үнэмшил байдаг учир үр дүн гаргадаг жамтай. Ирээдүйдээ итгэх мөрөөдөл тэмүүлэл чухал тул хүмүүс өөртөө болон өргөн түмэн олон нөхдөдөө итгэх үнэмшилтэй байж хөгжин хөдөлдгийг санаж явах учиртай. 16. Эр зориг чухал Эрдэм ажил хоёр эрхэм Сайхан гэвэл эв эе Саруул гэвэл ухаан Ямар ч юмыг эрдмээр ухаарч эв эеэр хийдэг. Хүн байхын утга учир хүмүүнлэг энэрэнгүй чанарт байдаг гэдгийг өвөг дээдэс маань мөрдөн биелүүлж ирсэн сургаал уламжлалыг биелүүлж байхыг захиж байна. Хууль зүйн доктор, профессор, ДХИС-ийн “Хүндэт профессор”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хурандаа Д.Цогт-Очир